Үндсэн агуулга руу алгасах
OpenAI

2026 оны хоёрдугаар сарын 1

Аюулгүй байдал

Мөнгөн хүрээний аргачлал: АНУ-ын хүмүүсийг онилсон, Хятадаас явуулсан байж болзошгүй үйл ажиллагаа

OpenAI АНУ-ын хүмүүс, байршил, сэтгэлзүйд тулгуурлан хуурах арга тактикийг хиймэл оюунаар судалж байсан, Хятадаас ашигласан байж болзошгүй бүртгэлүүдийг хориглов.

Ачаалж байна…

Энэ кейс судалгааг анх OpenAI-ийн 2026 оны хоёрдугаар сарын⁠(шинэ цонхонд нээгдэнэ) хиймэл оюуныг хортой зорилгоор ашиглах явдлыг таслан зогсоох тухай тайланд нийтэлсэн.

Үйл ажиллагаа явуулагч

Бид Хятадаас ашиглаж байсан байх магадлалтай цөөн тооны ChatGPT бүртгэлийг хориглосон. Эдгээр нь манай загваруудаас АНУ-ын хүмүүс, форумууд, холбооны засгийн газрын барилгуудын байршлын тухай мэдээлэл болон нүүр солих программын заавар авч, сэтгэлзүйд тулгуурлан хуурах оролдлоготой төстэй англи имэйлүүд үүсгэж байв. Тэд манай загваруудад хятад хэлээр хүсэлт өгч, ихэвчлэн эх газрын Хятадын ажлын цагаар идэвхтэй байсан бөгөөд манай платформд VPN ашиглан ханддаг байв.

Эдгээр бүртгэл Хонконгод төвтэй “Nimbus Hub Consulting” компанийн ажилтнуудаас илгээж буй мэт имэйлийн ноорог үүсгэсэн. Гэвч тэд манай загваруудад хүсэлт өгөхдөө Хонконгод түгээмэл хэрэглэдэг уламжлалт ханзны оронд эх газрын Хятадад түгээмэл хэрэглэдэг хялбаршуулсан ханз ашигласан нь бүртгэлүүдийг үнэндээ эх газрын Хятадаас ажиллуулж байсныг илтгэж байна. Түүнчлэн нэг бүртгэл АНУ, Шанхайн эдийн засаг, соёлын солилцоог дэмждэг, Шанхайд төвтэй олон нийттэй харилцах байгууллагын төлөөлөгчөөс илгээж буй мэт имэйл үүсгэсэн. Компанийн нэрэнд борооны үүл буюу гэрэлт цагираг гэсэн утгатай “Nimbus” гэх үг орсон тул бид энэ ажиллагааг “Мөнгөн хүрээний аргачлал” гэж нэрлэсэн.

Nimbus Hub Consulting-тэй холбоотой LinkedIn профайлуудын дэлгэцийн зураг.

Nimbus Hub Consulting-тэй холбоотой LinkedIn профайлуудын дэлгэцийн зураг. Зарим LinkedIn профайл Nimbus Hub Consulting-ийн “Манай баг” хуудсанд бүртгэсэн хүмүүстэй таарч байв.

Үйлдэл

Эдгээр бүртгэл АНУ-ын мужийн түвшний албан тушаалтнууд эсвэл бизнес, санхүүгийн салбарт ажилладаг бодлогын шинжээчдэд хаягласан англи имэйлийн ноорог үүсгэсэн. Тэд хүлээн авагчдыг төлбөртэй зөвлөгөө өгөх ажилд урьж байгаа мэт байсан бөгөөд уг ажлыг үйлчлүүлэгчдэдээ бодлого тайлбарлаж, стратегийн зөвлөгөө өгөх хэмээн тодорхойлжээ. Тэд имэйлийн нооргийг товч, ойлгомжтой, ажил хэрэгч байлгаж, гарчигт нь яарах сэтгэгдэл төрүүлэх, сэтгэлзүйд далд нөлөөлөх үг хэллэг ашиглахыг хүссэн.

Мөн эдгээр ChatGPT бүртгэл манай загваруудаар ерөнхий мэдээлэл хайлгаж байсан бөгөөд загвар маань нийтэд нээлттэй эх сурвалж ашиглан хариулсан. Үүнд дараах сэдвүүдээр асуулт тавьсан:

  • АНУ-ын холбооны засгийн газрын байгууллагуудын байршил, түүний дотор төв байрнуудын байршил, мөн холбооны агентлаг, албан тушаалтнууд олноор төвлөрсөн мужуудын эрэмбэлсэн жагсаалт.

  • АНУ-ын холбооны албан хаагчдын муж тус бүр дэх тархалт.

  • “Америкийн дуу хоолой”-н хөтлөгчид зэрэг АНУ-ын хүмүүс, тэдний өмнөх ярилцлага болон сонирхдог сэдвүүд.

  • АНУ-ын эдийн засаг, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд болон ажил хайгчдын түгээмэл ашигладаг цахим форум, вэбсайтууд.

Анхаарал татсан нэг зүйл нь нэг бүртгэл нүүр солих болон бусад медиа сайжруулалт хийх зориулалттай FaceFusion платформыг компьютертээ татаж, суулгах заавар хүссэн явдал байв. ChatGPT дээрх үйлдлийнхээ явцад тэд тус платформын нүүрийг шууд горимд солих функцийг ашиглах зорилготойгоо тодорхой хэлсэн. Тэд программчлалын анхан шатны мэдлэгтэй гэж хэлээд, техникийн нарийн нэр томьёогүй, энгийн, алхамчилсан суулгах заавар хүссэн. Суулгахад туслуулахын тулд тэд компьютерынхоо техник хангамжийн үзүүлэлтүүдийн дэлгэцийн зургийг оруулсан. Загвар FaceFusion-ийн нийтэд нээлттэй вэбсайт болон баримт бичгээс авсан мэдээллээр хариулсан.

Гаргасан хариу

Манай загваруудаар имэйлийн ноорог үүсгүүлэхдээ өгсөн зааврууд нь ажилд авах тухай ердийн зурвас гэхээсээ илүү гадаадын тагнуулын алба хүмүүстэй холбоо тогтоохдоо ашигладаг, сэтгэлзүйд тулгуурлан хуурах аргачлалтай⁠(шинэ цонхонд нээгдэнэ) төстэй байв. Тэд имэйл бүрийн ноорогт дараах хэсгүүдийг оруулахыг хүссэн:

Итгэл төрүүлэх: Тэд “Nimbus Hub”-ийг геополитик, улс дамнасан бодлогын талаар нэр хүндтэй, мэргэшсэн мэдлэг бүхий стратегийн зөвлөх компани хэмээн танилцуулсан. Тэд Nimbus Hub-ийн вэбсайтын холбоосыг оруулсан (доорх дэлгэцийн зургийг үзнэ үү).

Онилсон хүнд тохируулж, магтаж тал засах: Тэд хүлээн авагчийн төрийн албанд ажилласан туршлагыг уг ажилд яг тохирох хүн гэдгийн нотолгоо болгон тодорхой дурдахыг загварт зааварласан. Нэг тохиолдолд тухайн бүртгэл Шанхайд амьдардаг АНУ-ын нэг хүний LinkedIn профайлын дэлгэцийн зургуудыг оруулж, зурагт байсан хувийн туршлага, намтрын мэдээлэлд тулгуурлан имэйлийн нооргийг тэр хүнд тохируулахыг загварт зааварласан.

Олон урамшууллаар татах: Зөвлөх ажлыг ихэвчлэн өндөр орлоготой, цахимаар ажиллах боломж хэмээн сурталчилж, гүйцэтгэлийн урамшуулал болон бусдыг санал болгосны шагнал амладаг ч яг ямар ажил хийхийг бүдэг бадаг тайлбарладаг байв.

Тайвшруулах үг хэллэгээр эрсдэл багатай мэт ойлгуулах: Тэд ажлыг ачаалал багатай, хөлсөө хугацаанд нь авдаг, нууцлалтай гэж олонтоо тайлбарласан.

Харилцааг өөр платформ руу хурдан шилжүүлэх: Тэд хүлээн авагчидтай имэйлээр харилцахаа больж, анхны цахим видео уулзалтыг WhatsApp, Zoom эсвэл Teams-ээр хийхийг үргэлж оролдож байв.

Одоо цахим орчинд байхгүй ч архивт хадгалагдсан Nimbus Hub Consulting-ийн вэбсайтын нүүр хуудасны дэлгэцийн зураг.

Одоо цахим орчинд байхгүй ч архивт хадгалагдсан Nimbus Hub Consulting-ийн вэбсайтын нүүр хуудасны дэлгэцийн зураг.

Нөлөө

Энэ тохиолдолд сүлжээнүүд загвартай харилцахдаа техникийн нарийн арга ашиглаагүй бөгөөд тэдний хүсэлт заримдаа ажилд урьсан энгийн захидал боловсруулах, эсвэл хууль ёсны программ суулгах хүсэлттэй төстэй байв. Гэвч хэрэглэгчид хуурамч компанийн нэрийн ард нуугдаж, геополитикийн сэдвүүдийг сонирхож байсан нь дайсагнасан зорилгоор хүмүүсийг элсүүлэх санаатай байж болзошгүйг харуулж байна.

Эдгээр бүртгэлийн ChatGPT ашигласан байдлаас үзэхэд онилсон хүмүүс нь урилгад нь хариу өгсөн гэх нотолгоо байгаагүй. Урилгын имэйлүүдийг үнэхээр илгээсэн эсэх, эсвэл онилсон хүлээн авагчдын хэн нэг нь хариу өгсөн эсэхийг бид бие даан тогтоож чадаагүй.

Ардчилсан олон улсын засгийн газар (тухайлбал АНУ⁠(шинэ цонхонд нээгдэнэ), Их Британи⁠(шинэ цонхонд нээгдэнэ), Австрали⁠(шинэ цонхонд нээгдэнэ)) гадаадын тагнуулын албад нийгмийн болон мэргэжлийн сүлжээний платформуудад зөвлөх компани болон бусад байгууллагын дүрээр орж, төрийн одоогийн болон хуучин албан хаагчдыг элсүүлэхээр онилж байгааг анхааруулсан. Ажилд авах тухай ердийн зурвасыг тодорхой хүнийг онилсон, сэтгэлзүйд нь тулгуурлан хуурах эдгээр оролдлогоос ялгахад хэцүү байж болно. Учир нь зарим шинж нь төстэй байдаг. Гэхдээ жинхэнэ ажлын санал нь ихэвчлэн илүү удаан үргэлжлэх сонгон шалгаруулалтыг тооцсон байдаг бөгөөд албан тушаалын нэр, ажил олгогчийн талаарх шалгаж болох найдвартай мэдээлэл, зах зээлийн жишигт нийцсэн цалингийн хүрээ, бодит ажлын зарын холбоосыг агуулдаг. Товчхондоо, үнэн гэхэд дэндүү сайхан санагдвал үнэн биш байх магадлалтай.